Нууц мэдээллийн уурхай

Авлигаас хэрхэн ангижрах вэ гадаадын туршлагаас суралцъя

Нийтэлсэн: 2012-10-22 17:51:07

Авлига гэдэг хорт үзэгдэл өнөөдөр газар авч байгаа нь Монголын олон нийтийн санааг зовоосон тун эмзэг асуудал болоод байгаа билээ. Энэ үзэгдлийг үгүй хийх, ядаж бууруулах талаар нийгэм даяараа хэлэлцэн ярилцаж, зарим тодорхой алхмууд хийсээр л байгаа. Гэтэл бараг 20 жил яригдсан ч энэ тал дээр дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаад нийгмийн зарим бүлэг, давхаргынхны урам нь хугаран цөхөрч байна. Гэтэл дэлхийн зарим оронд энэхүү гаж үзэгдлийг ахар богино хугацаанд дарж чадсан бэлээхэн туршлага бий. Энэ удаад авлигын эсрэг кампанит ажлыг тун амжилттай өрнүүлж чадсан 4 орны жишээг өгүүлье.

Гонконг

Дэлхийн санхүүгийн нийслэлүүдийн нэг гэгддэг энэ орны эрх баригчид авлигаас салахын тулд 30 жилийн турш асар их хүчин чармайлт гаргажээ. 1970-аад оны үеийн Гонконг гэмт хэргийн жинхэнэ үүр уурхай болсон газар байлаа. Авлигад идэгдсэн цагдаа нарын ивээл дор хар тамхины наймаа, янханчлал, рекэт ид цэцэглэж байв. Ийм хүнд нөхцөлд Гонконгийн удирдлага эрс шийдэмгий алхам хийхээр шийджээ.
Дотоод хэргийн яамны харьяанд ажиллахчаан болж байсан Авлигатай тэмцэх газрыг татан буулгаж, оронд нь 1973 онд Авлигатай тэмцэх бие даасан комисс /АТБДК/ гэдгийг байгуулан түүнийг Гонконгийн амбан захирагчид шууд захируулжээ. Авлигад идэгдэн ялзарч гүйцсэн цагдаа нарыг шинэ байгууллагад шургалан орохоос сэргийлэх үүднээс ёс суртахууны хувьд эвдрээгүй шударга залуусыг, тэдний дотроос нэр хүндтэй их сургууль төгсөгчид, өөрсдийгөө тойруулан аалзны тор мэт авлигын сүлжээг бий болгож хараахан амжаагүй байгаа нэр цэвэр залуу мэргэжилтнүүдийг комисст ажиллуулахаар авав. Комиссын ажилтнуудыг 6 жилийн хугацаатайгаар дахин томилогдох эрхгүйгээр Гонконгийн амбан захирагч өөрөө нэг бүрчлэн тохоон томилсон байна.
Комисс шуурхай ажиллагааны, урьдчилан сэргийлэх болон олон нийттэй хамтран ажиллах гэсэн үндсэн 3 департаментаас /хэлтэс/ бүрдэнэ:

    Шуурхай ажиллагааны департамент нь мөрдөн шалгах ажлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, авлигачдыг олж илрүүлэн тэднийг байцаагаад хэргийг нь шүүхэд шилжүүлэх ажлыг эрхэлнэ.
    Урьдчилан сэргийлэх департамент нь төрийн аппарат дахь авлигын сүлжээг илрүүлэн хахуулийн сүлжээний “бүдүүвч зураглал”-ыг гаргана.
    Гуравдахь байгууллага болох олон нийттэй харилцах департамент нь суртал ухуулгын үйл ажиллагаа явуулж, нийгэм дэхь хандлагыг судалдаг ажээ.

Олон жилийн туршид Гонконгт цэцэглэсэн авлигын сүлжээ аалзны тор мэт хэрсэн байлаа. Үүнийг харгалзан үзсэн АТБДК жараахайнуудыг бус харин томоохон загаснуудыг эхнээсээ нь шүүрдэн барьж эхлэв. Хамгийн том нөлөө бүхий биеэ худалдагч албан тушаалтнуудыг “нарсанд суулгаснаар” авлигын сүлжээний толгойг тасчин хаяжээ. Комиссынхон өөрсдийгөө залхаан цээрлүүлэгчид гэсэн сэтгэгдлийг эгэл хүмүүст төрүүлэхгүйн тулд бүр анхнаас нь л хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн дунд өргөн хэмжээний сурталчилгаа явуулав. 
Комисс маш өргөн эрх дархтай боллоо. Ажилтнууд нь бараг л цэргийн хээрийн шүүхийн хууль дүрмээр ажиллаж байв. Сэжиглэж буй нь үндэслэлтэй л бол түшмэдийг баривчлан, ямар нэгэн зүйл ангиар буруутгахгүйгээр удаан хугацаагаар хорьж, дансных нь гүйлгээг хааж байжээ. Энэ талаарх үйл ажиллагааг зохицуулсан олон заалтыг хуульчилж өгсөн байна.Тансаглан амьдардаг хэн нэгэн түшмэлийг буруутай гэж үзэх үндэслэл байвал дээрх комисс  шууд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Сэжигтэн өөрийн хөрөнгө мөнгийг хууль зөрчилгүйгээр олсон гэдгээ баталж чадсан тохиолдолд л сая түүнийг сулладаг. Чадахгүй бол шууд 10 жилийн хорих ял авна.
Комиссынхон өөрсдөө бас авлигачдын эгнээнд орохоос сэргийлж тэдний цалинг бусад албан хаагчдынхаас 10 хувиар дээгүүр тогтоожээ. Комиссын ажилтнуудыг төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид болон сэхээтний төлөөлөл багтсан олон нийтийн хороод хянана.
Энэ бүхний дүнд жилийн дараа гэхэд комиссын үйл ажиллагааны үр дүн мэдрэгдэж эхэллээ. 1974 онд шүүхэд шилжүүлсэн авлигын хэргийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 2 дахин буюу 108 байснаа 218 болж өсөв. Өнөөдөр Гонконг авлигад хамгийн бага өртсөн орнуудын нэг болжээ. Трансперэнси Интернейшнл байгууллагын Дэлхий даяарх авлигын хэмжүүр гэдэг судалгаагаар тус улс 15-д бичигдсэн байна.

Итали

1990 оны эхээр авлига гэгч үзэгдэл Италийн төрийн тогтолцоог бүхэлд  нь ялзруулж, улс төрийн хямралд хүргээд байлаа. Улс төрийн намууд үнэмлэхүй засаглалыг барьснаар бизнес эрхлэгчид өөрсдийгөө хамгаалуулахын тулд улс төрчдийг худалдан авч санхүүжүүлж байв. Аажимдаа иймэрхүү холбоо сүлбээ энгийн зүйл мэт болж хүнд сурталтнууд хийгээд бизнес эрхлэгчдийг хооронд нь хэрсэн аалзны тор, авлигын тороос улам цавчирсаар байлаа.
Жишээ татъя. Калабрии мужийн нэгэн компани сар бүр намын хэрэгцээнд жил олсон ашгийнхаа 4.5 хувийг тушаадаг байж. Үүнээс 3 хувь нь тухайн орон нутгийн намын үүрт үлдээгээд үлдсэнийг нь төв рүү татна. Өнгөц харахад, энэ нь гэм хоргүй байдаг л зүйл мэт. Гэтэл иймэрхүү сүлжээ өргөжих тусам шударга бусаар бизнес эрхэлж буй хүмүүсийн холбоо сүлбээ улам зузаарсаар байлаа. Тэд улсын захиалга авах, өөрсдөдөө ашигтай мэдээллийг олох авах зэргийг тун хялбархан гүйцэлдүүлэх болов. Цаашлаад авлигад идэгдсэн төрийн албан хаагчдыг ашиглан өрсөлдөгчдөө шахан хавчиж эхэллээ.
“Нөмөр нөөлгөнд” байсны төлөөс болгон өгдөг авлигын хэмжээ 5 мянган доллар буюу 14 сая лирд хүрчээ. Милан хотын өндөр настны асрамжийн газрын захирал Марио Кьеза гэгчийг авлигын хэргээр баривчлахад эхэндээ хэн ч үүнд анхаарал хандуулсангүй. Сэжигтний дансны гүйлгээний хуулбарыг харсан Прокурорын газрын мөрдөн байцаагч Антонио ДиПьетро нэгэн зүйлийг анзаарлаа. Кьеза эрх баригч Социалист намын гишүүн байсан бөгөөд утасны үзүүр хөвөрсөөр Италийн олон улстөрчийг чиглэв. Ерөнхий сайд Беттино Кракси Кьезагаас бушуухан салахын түүс болжээ. Үүнд нь гомдсон Кьеза хамтран зүтгэгчдээ нэг нэгэнгүй илчилж эхэлсэн байна. Мэдээжийн хэрэг, босоогоор нь тавьсан даалуунууд нурахаараа яадаг билээ түүн шиг л үйл явдал цааш өрнөлөө. Ийнхүү 1993-1994 оныг дамнан үргэлжилсэн “Цэвэр гар” тусгай ажиллагаа амжилттай болж авлигатай хийх тэмцлийн түүхэнд зүй ёсоор бичигдэх болсон юм.
Ажиллагаа богино хугацаанд үнэхээр гайхалтай үр дүнд хүрчээ. 500 гаруй улстөрчид шоронгийн хаалга татсаны дотор Сенатын гишүүн Жулио Андреоти, ерөнхий сайд Кракси нар бүх насаараа хоригдох ял сонсов. Нийтдээ 20 гаруй мянган хүнийг мөрдөн шалгажээ. Түшмэдийн 80 гаруй хувь авлигад ороолцолдон шалгагдахгүйн тулд ажлаасаа халагдсан байна. Түшмэдийг хахуулиар угждаг байсан бизнес эрхлэгчид, тухайлбал, ФИАТ, Оливетти зэрэг том корпорациудын ажилтнууд хуулийн байгууллагын хараанд өртлөө. Авлигачдыг зөвхөн шоронд хориод зогссонгүй тэдний хөрөнгийг хураажээ. Хураагдсан тансаг байшингуудад нь эмнэлэг, шүүх, цагдаагийн хэсгүүдийг нүүлгэн оруулав. Авлигачдын эзэмшилд байсан усан үзмийн талбайгаас хураасан жимсээр хийсэн дарсны лонхон дээр “Мафийнхнаас хураасан усан үзмийн талбайн ургацаар хийв” гэсэн бичиг наах болжээ. Авлигачдаас хураасан хөрөнгийг нийгмийн салбар, хөдөө аж ахуйд шилжүүлэн өгөв. Энэ бүхэн тун нарийн бодож боловсруулсан пиар байлаа. Олон нийт авлигын эсрэг кампанит ажлыг халуунаар дэмжих болжээ.
Дээрх ажиллагаа эхнээсээ аваад эцсээ хүртэл тун санамсаргүйгээр амжилтад хүрсэн гэж үзэх хүмүүс бий. Үнэндээ тийм биш юм. Ажиллагаа амжилтад хүрэхэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг дурдъя.

    Ардчилсан тогтолцоо. Италид засгийн үнэмлэхүй эрхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын аль аль нь барьдаггүй, харин улс төрийн намууд засгийн эрхэнд гарахын төлөө ширүүн тэмцэлддэг байна. Иймээс намууд бие биенийхээ алдааг өршөөнө гэж үгүй. Берлускони шүүхэд хэд хэдэн удаа дуудагдан мэдүүлэг өгч байсан нь бий. Ийм өндөр албан тушаалын хүнийг дуудаж авчирч чаддаг шүүхтэй улс орон тийм ч олон байхгүйдэг.

1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр улс төрийн байдал эрс хурцадлаа. Социалист болон Христосын ардчилсан нам гэсэн улс төрийн 2 том хүчин авлигад дэндүү гүнзгий хутгалдсан байв. Энэ нь улс төрийн бусад хүчнийхэнд огтоос таалагдаагүй нь ойлгомжтой бөгөөд тэд Кьзагийн хэргийг лавхан бариад авлаа .

    Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Телевиз болон сонин сэтгүүлийнхнээс нарийн ширүүн зүйлийг ч нуусангүй. Сэтгүүлчид дуулиант хэргүүдийг тэр даруйд нь илчлэн мэдээлснээр олон түмнийг нойрноос нь сэрээв.
    Хууль сахиулах байгууллагуудын тууштай шийдэмгий байдал
    Хараат бус хүчирхэг шүүх засаглал.

Прокурор, шүүгч, мөрдөн байцаагчдын бие даасан хараат бус байдлыг бүр 1947 онд Үндсэн хуулиар баталгаажуулжээ. Тэднийг томилох, ажлаас нь чөлөөлөх эсэхийг зөвхөн Дээд зөвлөл шийдэх бөгөөд хэнээс ч үл хамааран ажлаа явуулна. Чухам ийм учраас авлигын эсрэг кампанит ажлыг өрнүүлсэн ДиПьетро ажлаасаа халагдаагүй бөгөөд эхлүүлснээ дуусгаж чадсан юм. Түүнээс гадна, мөрдөн байцаагчдад парламентын гишүүдийг хүртэл байцаах эрхийг өгсөн нь “Цэвэр гар” ажиллагаа амжилттай болоход тун дөхөм болсон юм. Мэдээж хэрэг, нэг кампанит ажиллагаагаар авлигыг үндсээр нь үгүй хийж чадахгүй л дээ. Гэхдээ ийм үйл ажиллагаа нойрмог унтаа нийгмийг сэрээж, цэвэрлэн шинэчлэх механизмыг ажиллагаанд оруулсан билээ. “Трансперэнси Интернэшнл” олон улсын байгууллагын 2006 онд явуулсан авлигын түвшин тогтоох судалгаагаар Итали улс 182 орноос 45-д бичигджээ.

Гүрж улс

Тус улсыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотроос хамгийн ихээр авлигад идэгдсэн орон гэж үзэж байлаа. Гэтэл хуучин социалист орнуудын аль нь ч хийж чадаагүй шинэчлэлийг гүржүүд 5-6-хан жилийн дотор хийж чадсан юм.  2004 онд эхэлсэн шинэчлэлийн үр дүнд Гүрж улс төрийнхөө аппаратыг бүрэн цэвэрлэн шинэчилж чадав. Хэдийгээр авлигын индексийн үзүүлэлтээр Гүрж улс “сайчуудын” эгнээнд багтаагүй байгаа боловч дэлхийн аль ч улс орон авлигатай ингэж эрс шийдэмгий тэмцэж байгаагүй билээ.
Гүржийн засгийн газар хүчний байгууллагуудыг өөрчлөн шинэчлэх, эдийн засаг, бизнесийн салбарт хүнд суртлыг халахад гол анхаарлаа чиглүүлжээ. Авлигын үүр уурхай болсон байгууллагуудыг бүрэн устгаж, оронд нь цоо шинэ байгууллага бий болгож, өмнө нь хахууль авч байгаагүй нэр цэвэр ажилтнуудыг ажиллуулах болов. Та нийгэмд ямар хэрэгтэй зүйл бүтээж байна вэ гэсэн асуултад хариулж чадаагүй албан хаагчдыг бүгдийг нь халсан ба үүний дүнд хүнд сурталт түшмэдийн тоо 2 дахин цөөрлөө. Тухайн үед Замын цагдаагийн газрыг татан буулгаснаар замын хөдөлгөөн 3 сарын турш ямар ч хяналтгүй болж байжээ. Иймээс жирийн иргэдээс бие бялдрын болон суурь мэдлэгийн шалгалт аван замын цагдаад авч байв. Өнөөдөр тус улсын Дотоод хэргийн яамны бие бүрэлдэхүүний 90 хувийг урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс бүрдүүлж байна. Тус яаманд цомхотгол хийж хоёрхон жилийн хугацаанд нийт 85 мянган хүнээс 75 мянгыг нь халжээ. Түүний сацуу, хахууль авсан тохиолдолд оноох ялыг чангатгалаа. 50-хан лари хахуульд авсан хүн нэлээд хэдэн жил шоронд суухад хүрч байв.
Үүний зэрэгцээ, Дотоод хэргийн яаманд харьяалагдах ажилтнуудын цалин 2003 онд дөнгөж 120 лари /56$/ байсныг 4 жилийн дараа 740 лари /443$/ болгон өсгөжээ. Гүржийн цагдаагийн байгууллагын хангамж ч эрс сайжирч, Европын зарим орны цагдаа нарт ч байдаггүй орчин үеийн төхөөрөмж, хэрэгсэлтэй болсон байна. Энэ бүхний ачаар цагдаагийн ажилтнуудын мэргэжлийн нэр хүнд нь илт дээшилж, ажлынхаа байрыг хахуулиар солих хүн олдохгүй болов.
Энэ бүх өөрчлөлтийн явцад Гүржийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цагдаад чухам яагаад өөрчлөлт хийгээд байгаагийн учрыг иргэдэд тайлбарлан таниулж байлаа.

Сингапур

1965 онд тусгаар тогтнолоо тунхаглах үед тус улсын өмнө үй олон асуудал хуримтлагдаад байлаа. Тэдгээрийн нэг нь авлига. Энэ үзэгдэлтэй өмнө нь ч тэмцэж байсан боловч төсөв нимгэн байсан учраас нүсэр том кампанит үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хүндрэлтэй байв.
Авлигатай тэмцэхийн тулд юуны түрүүн хууль тогтоомжоо өөрчилжээ. Бүр 1960 онд Авлигыг таслан зогсоох тухай хууль /РОСА/ батлагдсан аж. Мөн авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх агентлаг /АТА/ байгуулагдсан ба түүний захирал нь Ерөнхий сайдад шууд захирагдана.  Гэхдээ хууль батлагдахаас өмнө агентлаг үр дүн муутай ажиллаж байжээ.
РОСА хууль хэрэгжсэнээр хэд хэдэн ноцтой саад тотгорыг арилгасан юм. Юуны түрүүнд, авлигын төрөл, хэлбэрүүдийг маш нарийн тодорхойлж өгсөн байна. Хоёрдугаарт, АТА-д маш өргөн эрх олгожээ. Түүнээс гадна, хахуулийн хэрэгт оноох ялыг чангатгасан байна. Энэ бүхний дүнд тус агентлаг элдэвт баригдахгүйгээр чөлөөтэй ажиллаж эхэллээ. Тодруулбал, авлигад орооцолдсон байж болзошгүй хүмүүсийг саатуулан баривчлах, ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийх, банкин дахь дансыг нь шалгах эрхтэй болов. Тус агентлаг нь шуурхай ажиллагааны, захиргааны болон мэдээллийн гэсэн үндсэн 3 хэлтэстэй. Захиргааны болон мэдээллийн хэлтэс нь шуурхай ажиллагааг дэмжихийн зэрэгцээ хүнд сурталтнуудын “цэвэр ариун” эсэхийг хянана. Мөн төрийн өндөр албан тушаалд дэвших хүмүүсийг сонгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тэр ч бүү хэл улсын захиалгаар хийх ажлын тендерийг зохион байгуулах үүрэгтэй.
Хожим нь Сингапурын хууль тогтоомжид хэд хэдэн өөрчлөлт орсон юм. Тухайлбал, авлигачдын хөрөнгийг хураах тухай заалтыг хуулинд оруулжээ. Маш хатуу чанд бодлого нэгэнт үр дүнгээ өгсөн тул эрх баригчид тэмцлийн хоёрдахь шатанд буюу “арай зөөлөн” бодлогод шилжжээ.
1980-аад оны хоёрдугаар хагасаас эхлэн хүнд сурталтнуудын “чанарыг сайжруулах” тал дээр түлхүү анхаарах болов. Юуны түрүүнд, тэдний цалинг дорвитой нэмлээ. Эдүгээ өндөр албан тушаалтнуудын цалинг бизнесийн байгууллагуудын дундаж цалинтай харьцуулан тогтоодог болжээ. Тэд сардаа 20-25 мянган доллар авдаг аж. Хэдийгээр парламентын гишүүд болон ард иргэд үүнд дурамжхан хандаж байсан ч Ерөнхий сайд Ли Куан утга учрыг нь тун үндэслэлтэй тайлбарласнаар олон түмний эргэлзээ тайлагдаж дургүйцэл намжжээ.
Төрийн албан хаагчийн цалинг өсгөөд зогсохгүй төрийн албаны нэр хүндийг өсгөх онцгой анхаарна. Аль ухаантай, чадварлаг, шинэлэг сэтгэлгээтэй тэр хүмүүст албан тушаал ахих боломж олдоно. Төрийн албанд тохирох хүнийг бүр дунд сургуульд байхаас нь эхлэн судлах ба их сургуульд элсэхэд нь тусалж, гадаадад сургалт, курст илгээж, амжилт гаргах бүрт нь урамшуулан дэмжинэ. Үүний дүнд боловсон хүчний аппарат хүмүүжил сайтай хүмүүсээр бэхжив.
“Ташуур ба зөөлөн боовны” бодлого буюу хатуу зөөлнийг хослуулсан арга хэмжээ үр дүнгээ өглөө. “Трансперэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас 2006 онд явуулсан авлигын түвшин тогтоох судалгаагаар Сингапур улс 5-д бичигдсэн нь үүнийг гэрчилнэ.
Сингапурын төрийн албан хаагчид дэлхий дээр хамгийн үр бүтээлтэй ажиллаж, хамгийн өндөр цалин хөлс авдаг гэдгээрээ бусдаас ялгарах болжээ. Албан тушаалтнуудын цалин нь ижил түвшний алба хашдаг америк түшмэдийнхээс давсан байна.

Эдгээр дөрвөн улсын туршлагаас харахад, улс орныхоо хувь заяаны төлөө санаа зовнидог, боловсролтой, зарчимч шударга, шинэ сэтгэлгээтэй, эрс шийдэмгий хүмүүс л авлигатай тууштай тэмцэж чадах юм.
Б.Адъяахүү

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа
Нийтэлсэн: 2020-10-22 14:29:47

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ
Нийтэлсэн: 2020-10-22 14:19:01

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Агаарын бохирдлын талаар мэдээлж байна
Нийтэлсэн: 2020-10-22 09:40:37

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын жүдочид Будапештэд газардлаа
Нийтэлсэн: 2020-10-22 09:36:19

 

​ Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотод болно. “Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй, эмэгтэй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-10-22 09:33:55

 

​ БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл /2020.10.21/ Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашды ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ
Нийтэлсэн: 2020-10-22 09:31:33

 

​ Өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт “Нэмэн” ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр Алтанбулагийн боомтоор иргэдийг татан авна
Нийтэлсэн: 2020-10-22 09:28:42

 

​ УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар болсон. Татан авалтыг өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тусгай үүргийн онгоц маргааш Франкфурт руу ниснэ
Нийтэлсэн: 2020-10-22 09:25:16

 

​ Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш /2020.10.23./ хөөрнө. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио Сөүл рүү долоон нис ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа
Нийтэлсэн: 2020-10-22 09:22:25

 

​ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2020-10-22 09:20:52

 

​ Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших