Шар хуудсаа аваагүй бол Боловсролын үнэлгээний төвд хандана
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Отгонцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Элсэлтийн шалгалтын бүртгэл хэдэн хувьтай байна вэ?
-Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнд хотод 25870, орон нутагт 17190, гадаадад 27 шалгуулагч байна. Нийт 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг 5556 зааланд зохион байгуулахад бэлэн болсон.
-Шар хуудас тараах явц ямар шатандаа явж байна. Энэхүү хуудсаа авч чадаагүй шалгуулагч нөхөж авч болох уу?
-Өчигдрийн байдлаар шалгуулагчийн 80 хувь нь шар хуудсаа авсан. Өнөөдөр сүүлчийн өдөр учраас ачаалал ихтэй байна. Хэрвээ өнөөдрийн дотор шар хуудсаа авч амжихгүй бол Боловсролын үнэлгээний төвийн Зөвлөгөө мэдээллийн төвөөс авах боломжтой.
-Шалгуулагчид шалгалтад орохдоо ямар материал бүрдүүлж, юуг анхаарах ёстой вэ?
-Шалгалтад орохдоо шалгуулагчид баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь бүхий шар хуудас, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг материалыг бүрдүүлсэн байна. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Товлосон хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
-Шалгалт хэдэн минут үргэлжлэх вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут байгаа. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
-Шалгалтын хариу хэзээ гарах вэ?
-Бүх шалгуулагчийн гэрээ, хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж, дүн, оноог гаргадаг. Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэхээр тогтсон байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулж, нийтэд мэдээлнэ.
-Шалгуулагчид батламжаа хэзээ авч болох вэ?
-Ирэх сарын 1-3-нд шалгуулагчдын батламжийг тараана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn веб сайтаас үзэж болно. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын Элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авна. Түүнчлэн Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид дүнгийн батламжаа Боловсролын үнэлгээний төвийн заасан газраас хүлээн авах юм. Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгодоггүй.
М.Тунгалаг ЭХ СУРВАЛЖ: "Нийгмийн толь"