П.Бүрэнтөгс: Заан цол авчихаад өөртөө итгэж чадахгүй дотор давчдаж байсан
Нийтэлсэн: 2012-07-17 16:37:01
Монгол улсын арслан П.Бүрэнтөгстэй цөөн хором ярилцлаа.
-Одтой барилдаж наадмын түрүү авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Намайг дэмжиж тусалсан бүх хүнд талархснаа илэрхийлье.
-Энэ жилийн бэлтгэлээ хаана хийсэн бэ?
-“Увс” нуур дэвжээнд Ж.Ганболд зааны удирдлаган дор хийсэн. Бэлтгэл сайн хангагдаж санаснаараа барилдлаа.
-Дөрвөн цол алгасаж Улсын арслан болно гэж төсөөлж байсан уу?
-Огт зүүдлээгүй байсан. Зааны даваанд давчаад өөртөө итгэхгүй л байсан. Харин нутгийн бөхчүүд маань тайван байхыг зөвлөж их дэмжсэн.
-Үндэсний бөхөөр хэдэн жил барилдаж байна вэ? Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?
-Багын барилдах дуртай, ихэвчлэн ноцолдож явдаг, зурагтаар гарсан бөхийг алгасалгүй үздэг хүүхэд байлаа. Зургадугаар ангид орсноос хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Монгол түмний бахархал, бидний уламжлалт өв соёл гэдэг утгаар нь бөхийг сонгосон.
-Урьд нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Увс аймгийнхаа даншигт очиж их шөвөгт үлдэн С.Мөнхбат аваргын наадамд түрүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн наадамд дөрөвт үлдэж, Эрчим хүчний 90 жилийн ойд түрүүлсэн. Заал танхимын барилдаануудаас “Талх чихэр” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлээд байна. Үүнээс гадна 3-4 барилдаанд шөвгөрсөн.
-Арслан маань хэдтэй вэ? Бөхчүүд дундаа нэлээд том биетэй харагддаг. Биеийн жин, өндөр хэд вэ?
-1988 онд төрсөн. Өндөр 192 см, жин 135 кг.
-Төрийн наадамд хэдэн жил зодоглоод байна? Хэд хэд давж байсан вэ?
-Гурван жил барилдаж байна. Өнгөрсөн жил гурвын даваанд Ч.Цогбаяртай тунаж унасан. 2010 онд Б.Сангисүрэн начинд, өмнөх жил нь Д.Лхагвадорж начинд тус тус өвдөг шороодож байсан.
-Багадаа чөлөөт бөхөөр барилдаж байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?
-Гавьтай амжилт гаргаагүй ээ. Увс аймгийн аварга, залуучуудын улсын аваргаас мөнгө авч байсан.
-Одоо чөлөөт бөхөөрөө барилдаж байна уу…
-Одоохондоо үндэсний бөхөөр дагнан барилдаж байна даа.
-Бэлтгэлээ хаана хангаж байна? Ямар байгууллагын нэр дээр барилддаг билээ?
-“Увс нуур” дэвжээнд Г.Жамсран багшийн удирдлаган дор бэлтгэл хийдэг. ТЭЦ-4 компани, “Алдар” спорт хорооны нэр дээр барилдаж байгаа.
-Таны ихэвчлэн хийдэг мэх гэвэл?
-Голдуу сугадаж барилддаг. Тахимдах, шуудагнаас түрэх мэхийг бас хийнэ.
-Одоо улсын цол авахын төлөө барилдаж байгаа залуусаас таны хүчтэй өрсөлдөгч гэвэл…
-Бүгдээрээ цолны төлөө барилдаж байгаа болохоор бүгд миний өрсөлдөгч.
-Таны ирээдүйн зорилго юу вэ?
-Уулчин хүн ууланд авирахдаа заавал оргилд нь гардаг шүү дээ. Ажил хийвэл дуустал гэж үг бий. Нэгэнт бөхөд орсноос хойш оргилд хүрэхийг л хичээн хөдөлмөрлөж явна.
-Та зурагтаар бөх үзэх дуртай байсан гэж ярилаа. Бөхчүүдээс хэнийг дэмждэг байсан вэ?
-Багшийнхаа барилдааныг шимтэн үздэг. Мөн А.Сүхбат аварга шиг сайхан барилдах юмсан гэж боддог. Г.Өсөхбаяр аварга, Б.Ганбат арсланг дэмждэг байсан.
-Аваргатай багш шавь бололцоод хэдэн жил болж байна?
-Анх 2008 онд “Шонхор Олимп” сургуульд орсноос хойш өдий хүртэл багш шавь болоод явж байна даа.
-Арслан маань гэр бүлтэй болж амжсан уу? Хувийн амьдралаа бидэнд сонирхуулаач…
-Эхнэр, охинтойгоо амьдарч байна даа. Охин минь ой гарантай. Намайг дэмжиж тусалдаг ТЭЦ-4 компани болон “Тохир” компанийн хамт олонд баярлаж явдгаа хэлье.
-Увсын бөхчүүд сүүлийн гурван жил дараалан түрүүллээ?
-Харин тэглээ. Сайхан л байна. Энэ дашрамд Увс нутгийн ард иргэддээ наадмын мэнд хүргэж сайхан наадаарай гэж хэлье. Мөн Балжинням аварга, Мөнхбат аварга, аав, ээждээ баярласанаа илэрхийлье.