“ЭМ СИ ЭС ПРОПЕРТИЙЗ” КОМПАНИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД
1997 оны 6-р сарын 20-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын бүрэн эрх дуусгавар болов. Уул уурхайн инженер мэргэжилтэй хэдий ч Монгол Улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан энэ эрхмийг Монголын төр, түмэн машид хүндэлж, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Гэрлэх ёслолын ордны зүүн талд 1810 мкв эдэлбэр газартай, гараажтай, хоёр давхар хаусыг улсын төсвийн 60 сая төгрөгөөр бариулан түүнд бэлэглэсэн байдаг.
Үнсэн блокоор өрж, тоосгоор өнгөлж барьсан бүтээцтэй, цэвэр бохир, төвийн халуун хүйтэн усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон тухайн үедээ л цоо шинэлэг загвар хийцтэйгээр баригдсан энэхүү хаус 1997 онд Улаанбаатар хотын хамгийн гоё, хамгийн тансаг хувийн сууц хэмээгдэж байсан бөгөөд Монголын ард түмэн уг байшингийнх нь урдуур хойгуур нь гарахдаа анхны Ерөнхийлөгч маань энд амьдардаг шүү дээ хэмээн бахдан хэлэлцдэг байсан юм гэдэг.
2006 оны сансарын зургаас харах нь ээ Монголын төр, түмэн Улаанбаатар хотын голт зүрхэнд ямар том газартай, ямар сайхан байшинг П.Очирбат Ерөнхийлөгчид өгсөн нь тод, томруун харагдаж байгаа биз.
Гэвч өнгө мөнгөнд үйлийн үргүй дуртай, ханаж цаддаггүй шунаг сэтгэлтэй, ямар сайндаа л Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь БНСУ-аас хандивласан хоёр жийп машиныг хоёуланг хувьдаа авч завшсан өлөн хомхой Пунсалмаагийн Очирбат ард түмний өгсөн энэхүү газар байшинг 2012 онд "Эм си эс" компанид 1.5 тэрбум төгрөгөөр худалджээ гэдэг мэдээ цахим орчинд гэнэт л тарсан билээ.
Монголын бүхий л мэдээний сайтуудад хуурай өвсөнд ассан түймэр мэт тархсан энэхүү мэдээллийг тодруулахаар тухайн үед “Улс төрийн тойм” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан Ц.Энхцэцэг эгч П.Очирбат гуай руу утсаар залган, “Монголын ард түмнээс танд бэлэглэсэн газар, байшинг та “Эм си эс” компанид зарчихлаа” гэдэг мэдээ яваад байна. Үнэн үү” гэж асуухад “Би хувийн хөрөнгөө яах нь чамд ямар хамаатай юм. Хэнд хэдээр өөрийнхөө газар, байшингаа зарсан барьсан нь чамд ердөөсөө ч падлийгүй” хэмээн зандарч утсаа салгасан юм билээ.
Цахим орчинд хурдтайгаар тархсан энэхүү мэдээ гэвч худал байсангүй. 2012 онд “Эм си эс пропертийз” хэмээх компанийнхан П.Очирбат гуайгаас худалдан авсан байшингаа маш богинохон хугацаанд нураан, газартай тэгшилсэн юм.
Улмаар “Эм си эс пропертийз” ХХК 2013 онд эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлийг авахгүйгээр уг газар дээрээ 25 давхар өндөр, “Интернэйшнл центр” нэртэй цамхагийг барих ажлаа эхлүүлсэн байгаа юм.
“Эм си эс пропертийз” компани тухайн үедээ төрийн бүхий л албан тушаалтнуудыг мөнгөөр санхүүжүүлж, тэдний ивээлд багтсандаа эрдэж, Гэрлэх ёслолын ордны зүүн талд баригдаж ашиглалтад ороод ердөө зургаахан жилийн нүүрийг үзэж байгаа 9-р байрны чанх урд талын бүх айлын цонх болон тагтыг шууд хаах байрлалд ердөө 2.5 метрийн зайнд цамхагаа барина хэмээн 2013 оны хавар газар ухаж, сууриа цутгаж эхэлжээ.
“Эм си эс пропертийз” компани барилгын норм стандартыг ноцтой зөрчиж, олон арван айл өрхийн нарыг шууд хааж байгааг 9-р байрны оршин суугчид эсэргүүцсэн боловч дийлсэнгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч бүр гурвантаа очиж, “барилгын ажлаа зогсоо” хэмээн албан шаардлага өгч, барилгыг лацадсан боловч “Эм си эс пропертийз” компанийнхан лацыг нь шууд л хуулж хаяад барилгаа үргэлжлүүлэн барьсаар байсан хэмээн тухайн үеийн хэвлэлүүд шуугиж байв.
Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын барилгын норм стандартад аливаа өндөр цамхагийг барихдаа эргэн тойрны орон сууцнаас багадаа 12-18-аас метрийн зайд барих ёстой хэмээн заасан байтал “Эм си эс пропертийз” компанийнхан 9-р байрнаас ердөө 2.5 метрийн зайд буюу айлын тагтанд шууд тулган асар гүнзгийн суурийн нүхийг ухсанаас үүдэлтэйгээр 9-р байрны суурь хэсэгт цууралт өгч, онц аюултай нөхцөл байдлыг үүссэн тул арга буюу уг цамхагийн ажлыг нь зогсоосон байна.
Энэхүү барилгын ажил 2013 онд зогссоноос хойш бүхэл бүтэн 11 жилийн турш царцсаны дараа 2024 онд дахин баригдаж эхэлснийг та бүхэн санаж байгаа байх.
“Эм си эс пропертиз” хэмээх Монголын төрийг эрхшээсэн компани яагаад “Интернэшнл центр” төслөө үргэлжлүүлэхгүй энэ олон жил царцаасан бэ гэхээр уг цамхаг нь Пунсалмаагийн Очирбатаас худалдан авсан газар дээр нь яагаад ч багтахгүй байсан билээ. Тиймээс Гэрлэх ёслолын ордны эдэлбэр газраас хумсалж авах арга саам хайж цаг алдсан юм билээ.
Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж “Гэрлэх ёслолын ордон нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 314-р захирамжаар олгосон 11,215 метр квадрат газартай байсан. Гэрлэх ёслолын ордны эдэлбэр газар нь Пунсалмаагийн Очирбат гуайд бэлэглэсэн газартай яг хиллэдэг байсан нь энэхүү баримтад тодорхой харагдаж байна. Гэтэл 2024 онд “Эм си эс пропертийз” компанийнхан Нийслэлийн засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Сандагсүрэнд хахууль өгч, 80 орчим метр квадрат газрыг Хуримын ордноос булаан авч төслөө үргэлжлүүлсэн” гэж надад хэлсэн.
Нэр нууцлахыг хүссэн эх сурвалжийн надад “Гэрлэх ёслолын ордны газраас зурагт харагдаж буй 80 орчим мкв талбайтай доголыг нь “Эм си эс пропертийз” компанид тасалж өгснийхөө шагналд Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Эм си эс” ХХК-ийн барьсан “Велла виста” хэмээх асар өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн хотхонд орон сууц авсан” гэж нотлон хэлж байна лээ. Мэдээж хэрэг хашир туршлагатай улс төрчид өөрийнхөө нэр дээр авлигын байраа аваагүй л байлгүй дээ. Аягүй бол эхнэр хүүхэд, эсвэл компанийнхаа нэр дээр, бүр муугаар бодоход жолоочийнхоо нэр дээр аваад тэндээ амьдардаг л байлгүй дээ. Энийг би биш Авлигатай тэмцэх газрынхан зайлшгүй мухарлаж шалгах биз.
Үргэлж л шударга ёс ярьж явдаг "Эм си эс" компанийнхан хуулийг уландаа гишгэлж, жирийн иргэдийг хэрхэн хорхой мэт няцалж үйл ажиллагаагаа явуулдгийг энэхүү нийтлэлээс та бүхэн сайн ойлгосон бизээ.